Номын сан, хэвлэл-мэдээллийн үйлчилгээний төвийн дүрэм





 

 НОМЫН САН, ХЭВЛЭЛ-МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.       Номын сан нь Монгол улсын хууль тогтоомжууд болох 2014 онд батлагдсан “Номын сангийн тухай хууль”, БСШУ-ны сайдын 2003 оны №221-р тушаалаар батлагдсан “Номын сангийн үйл ажиллагаанд мөрдөгдөх статистик судалгааны маягтууд” СУ17 тайлан, БСШУ-ны сайдын 2007 оны №415-р тушаалаар батлагдсан “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх журам”, БСШУ-ны сайдын 2009 оны №563-р тушаалаар батлагдсан “Номын сангийн үйлчилгээг автоматжуулахад баримтлах зөвлөмж”,  БСШУ-ны сайдын 2009 оны №570-р тушаалаар батлагдсан “Номын сангийн зөвлөлийн ажиллах нийтлэг журам”, БСШУ-ны сайдын 2010 оны №550-р тушаалаар батлагдсан “Номын сан хооронд ном солилцоо хийх үйл ажиллагаанд баримтлах зөвлөмж”, СХҮТөв-ийн 2019 онд батлагдсан “Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага” MNS 5742:2019 стандарт, нормативыг мөрдлөг болгон ажиллана.

2.      Номын сан нь өөрийн байгууллагын эрхэм зорилгод нийцсэн үйл ажиллагаа явуулж “Стандартад  нийцсэн орчин  үеийн  төхөөрөмж бүхий мэдээлэл, үйлчилгээний төв” болон хөгжих зорилт тавьж ажиллана.

3.      Багшлах бүрэлдэхүүн, суралцагч нарт шинжлэх  ухаан технологийн чиглэлээр  мэдлэг боловсролоо хөгжүүлэх, өргөн хүрээтэй хүмүүнлэгийн боловсрол эзэмших, мэдээлэл арга зүйн үйлчилгээ үзүүлэх таатай орчин бүрдүүлсэн  мэдлэгийн  нөөц сан, сургалтын үйл ажиллагааг дэмжих түшиц газар мөн.

4.      Номын сан нь өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээгээ энэхүү дүрэм болон дотоод журмаараа зохицуулна.

 

Хоёр. Номын сангийн удирдлага, зохион байгуулалт

1.       Номын сан нь сургалтын үйлчилгээ, чанарын баталгаажилтын албаны даргын харьяалалд үйл ажиллагаагаа явуулах ба ажлаа тайлагнан  шийдвэрлүүлж байна.

2.      Номын сангийн эрхлэгчийг Шинэ иргэншил ПК-ийн захирлын тушаалаар томилно.

3.      Номын сангийн эрхлэгч нь номын сангийн бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, холбогдох асуудлаар тушаал шийдвэр гаргуулах, номын сангийн  сан хөмрөг, үйлчилгээг стандартын  түвшинд байлгах хариуцлага хүлээнэ.

4.      Номын сангийн эрхлэгч нь номын сангийн эд хөрөнгө, тоног төхөөрөмж авахад оролцоно.

5.      Номын сангийн ажиллах цагийн хуваарь, ажлын өдрүүдэд 8 цаг байна.

6.      Номын сан нь өөрийн дотоод удирдлагын үйл ажиллагааны бүхий л хүрээнд баримтлах хэм хэмжээ бүхий албан ёсны дүрэм, дотоод журамтай байна.

7.      Номын сан нь албан ёсны баталгааны тэмдэгтэй байна.

8.      Номын сангийн барилга байгууламж нь Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага MNS 5742:20 стандарт”-ын шаардлагыг  хангасан байна.

9.      Номын сан нь номын фонд, уншлагын танхим, ойрын фонд, ажлын өрөө гэсэн хэсгүүдтэй  байна.

10.   Сургуулийн нийт оюутны тоо, номын сангийн фондын хэмжээ, сургалтын чиглэл, мэргэжил ба  онцлог,  багш, оюутны судалгаа-шинжилгээний ажлын эрэлт хэрэгцээ зэргээс хамаарч номын сангийн бүтэц, номын санчийн орон тооны асуудлыг эрх бүхий байгууллагаас тогтоосон жишигт нийцүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

11.   Номын сан нь уншигчдын тав тухтай орчинг бүрдүүлж байгалийн  ба зохиомол гэрэлтүүлэг, дотоод орчны  дулаан, чийгшил зэрэг, номын сангийн байрны эрүүл ахуйн нөхцлийг  хангасан байна.

12.   Номын санчдын мэргэжил, боловсролыг дээшлүүлэх ажлыг сургуулийн захиргаа дэмжиж ажиллана.

Гурав. Номын сан, хэвлэл- мэдээллийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаа

Фонд бүрдүүлэлт

1.      Номын сангийн фондын бүрдүүлэлт  нь: багш, ажилтан, оюутан суралцагчийн эрэлт  хэрэгцээг хангахуйц, мэргэжлийн болон танин мэдэхүйн  ном сурах бичиг, гарын авлага, сонин сэтгүүл, цахим  /аудио, видео/  материалуудаар фонд бүрдүүлэлтийг хийж, зохих стандартыг хангасан байна.

2.      Тэнхим нэгжүүдээс сургалтын хөтөлбөрийн дагуу суралцагчдын бие даан суралцахад зайлшгүй шаардлагатай ном сурах бичиг, гарын авлагын судалгааг гаргуулан хянуулж,  батлагдсан төсвийн дагуу фондын бүрдүүлэлтийг хийнэ.

3.      Хичээлийн жилд багш нарын гаргасан эрдэм шинжилгээний бүтээлүүд, ном сурах бичиг, гарын авлагууд, сургалтын заах аргын баримт материалыг хэвлэмэл болон цахим хэлбэрээр номын санд хүлээлгэн өгөх, тэдгээрийг зохих журмын дагуу хүлээн авч номын санд байршуулах;

4.      Шинээр ирсэн ном сурах бичгийн мэдээ мэдээллийг сургуулийн вэб сайт болон фэйсбүүк хуудсуудаар, номын үзэсгэлэнгээр  тогтмол сурталчлан уншигчдын хүртээл болгоно.

Зохион байгуулах үйл ажиллагаа 

1.      Номын сангийн бүтэц зохион байгуулалт, үйлчилгээ үйл ажиллагаатай холбогдсон асуудлууд, номын сангийн төсөв, бусад байгууллагтай хамтран ажиллах зэрэг ажлуудыг, сургалтын үйлчилгээ, чанарын баталгаажилтын албаар дамжуулан захиргааны зөвлөлд тавьж шийдвэрлүүлэх;

2.      Номын сангаас алдаж үрэгдүүлсэн гэмтээсэн ном хэвлэл материалыг зохих журмын дагуу төлүүлэх;

3.      Номын сангийн холбогдолтой дүрэм журам боловсруулж батлуулах;

4.      Номын санд шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга болон бусад эд зүйлсийг худалдан авах зэргээр хөдөлмөрийн нөхцлөө сайжруулах;

5.      Номын сангийн эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, гал усны аюулаас сэргийлэх арга хэмжээ авахыг шаардах, хэвийн нөхцлийг хангуулах;

6.      Номын санд мөрдөж буй хууль, дүрэм журмын дагуу он болон утга, агуулга, эдэлгээний улмаас хуучирсан ном хэвлэлийг акталж, фондын эргэлтийг сайжруулах;

7.      Номын сан нь өөрийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд мэргэжлийн ур чадвар, үйлчилгээний өндөр түвшинд явуулна.

8.      Бусад сургуулийн номын сан, олон улсын байгууллагатай холбоо тогтоож хамтран ажиллах, төсөлд оролцох;

9.      Уншигч хэрэглэгчдэд ном хэвлэл, мэдээлэл ашиглах арга хэлбэр эзэмшүүлэх номзүйн мэдлэгтэй болгон ном хэвлэлээр шуурхай үйлчилнэ.

10.   Номын сан хөмрөгийн тооллогыг зохих журмын дагуу заасан хугацаанд явуулж, үр дүнг тайлагнана.

11.   Шинэ ба сэдэвчилсэн номын үзэсгэлэн тогтмол гаргаж, үйлчилгээний дэвшилтэт хэлбэрүүдийг нэвтрүүлнэ.

12.   Ном, мэдээллийн хангамжийн судалгаа явуулж, статистикийн мэдээг хөтөлж дүн шинжилгээ хийн шаардлагатай арга хэмжээг тухай бүрт авч хэрэгжүүлнэ.

13.   Номын сан, ном зүйн мэдээллийг автоматжуулан, үйл ажиллагаандаа орчин үеийн техник технологийг нэвтрүүлж, электрон мэдээллийн санг бий болгоно.

14.   Фонд бүрдүүлэлт, каталогийг зөв зохион байгуулж, уншигчдын эрэлт хэрэгцээг түргэн шуурхай хангаж үйлчилнэ.

15.   Ном хэвлэлийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах ажлыг холбогдох стандартын дагуу хангаж ажиллана.

16.   Номын сангийн бүтэц зохион байгуулалт, үйлчилгээ үйл ажиллагаатай холбогдсон асуудлыг боловсруулан хамтын ажиллагаа, маркетингийн албаар дамжуулан захиргааны зөвлөлд тавьж шийдвэрлүүлнэ.

17.   Ажлаас гарч байгаа багш ажилтан, төгсөгч оюутнуудын номын тооцоог дуусгаж тойрох хуудас зурах;

Дөрөв. Номын санчийн эрх, үүрэг

Номын санч нь дор дурдсан эрхтэй.

1.      Бичиг баримтгүй, номын сангийн үнэмлэхгүй уншигчдад үйлчлэхгүй байх;

2.      Ном ашиглах хугацаа хэтрүүлсэн уншигчдад торгууль ноогдуулах, тодорхой хугацаагаар номын санд үйлчлүүлэх эрхийг нь түр хасах, ном олгохгүй байх;

3.      Ном үрэгдүүлсэн, гэмтээсэн уншигчдаар уг номыг төлүүлэх буюу зохих арга хэмжээ авах;

4.      Шаардлагатай тохиолдолд уншигчийн гар дээрх номыг эргүүлэн авахыг шаардах, эргүүлэн авах;

5.      Шаардлагатай ном,  сурах бичиг, хэвлэлийн захиалга хүлээн авах, хүсэлт тавих;

6.      Номын сангийн мэдээлэл хангамжийг сайжруулах талаар хүсэлт тавих;

7.      Стандартын шаардлага хангахуйц номын ашиглалтыг сайжруулах талаар багш, оюутнуудад шаардлага тавьж мэдээлэл өгөх;

Номын санч нь дор дурдсан үүрэгтэй.

1.      Ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаж, цагийн алдагдал гаргахгүй байх;

2.      Номын фонд, уншигчдын талаарх мэдээг хугацаа хоцроолгүй өгөх;

3.      Номын бүртгэлийг нарийн гаргаж, захиргааны зөвлөлд танилцуулах;

4.      Ном, номын тухай мэдээллийг уншигчдад шуурхай өгөх;

5.      Шинэ ном, хэвлэлийн тухай уншигчдын санал хүсэлтийг хүлээн авах;

6.      Уншигчдын тав тухтай үйлчлүүлэх нөхцлийг бүрдүүлэх;

7.      Номын сангийн тухай уншигчдын санал хүсэлтийг хүлээн авч, тухайн үед нь шийдвэрлүүлэх;

8.      Уншигчдад олгосон номоо хүлээн авахдаа номын бүрэн бүтэн байдлыг шалгах;

9.      Гадаад, дотоод тогтмол хэвлэлийн захиалгыг цаг тухайд нь танилцуулж захиалах ажлыг хариуцах;

10.   Сургалтын стандартын шаардлага хангахуйц шинэ номоор номын фондыг баяжуулах;

11.   Номын каталогийг бүрдүүлж байнга редакци хийж шинэчлэж байх;

12.   Ашиглалтын шаардлага хангахггүй номыг сэргээн засварлах;

13.   Уншигчдын тав тухтай байдлыг хангах үүднээс номын санч уншигчдад бие биедээ саад учруулахгүй байх нөхцлийг бүрдүүлж ажиллах;

14.   Номын сангаар үйлчлүүлэгчдийн бүртгэл мэдээллийг өдөр тутам гаргаж байх;

15.   Шинэ ном, хэвлэлийг хүлээн авснаас хойш 4 хоногийн дотор ангилан карт  бичиж, цаасан каталоги болон электрон каталогид байрлуулж, уншигчдад ашиглуулахад бэлэн болгох;

16.   Номын сангийн зөвлөлийн үйл ажиллагааг хянах, шинэ гишүүн санал болгох;

17.   Номын сангаас зохион байгуулагдах өдөр тутмын үйл ажиллагааг төлөвлөх, гүйцэтгэх;

Тав. Номын сангийн уншигчийн эрх, үүрэг

Номын сангийн уншигч нь дор дурдсан эрхтэй.

1.      Тав тухтай орчинд цагийн хуваарийн дагуу түргэн шуурхай үйлчлүүлэх;

2.      Электрон болон цаасан каталогоос хайлт хийсний үндсэн дээр өөрийн сонирхсон ном, хэвлэлийг авч хэрэглэх;

3.      Номын сангийн фондоос ном, хэвлэлийн бүтээгдэхүүн, мэдээллийг тодорхой хугацаагаар авч ашиглах;

4.      Утасгүй интернэт, зөөврийн компьютер, аудио, видео материал ашиглах;

5.      Авч буй номнынхоо бүрэн бүтэн эсэхийг шалгах;

6.      Гэмтэлтэй буюу хуудас дутуу номыг хүлээн авахгүй байх;

7.      Зайлшгүй шаардлагатай ном, сурах бичгийг шинээр авч уншигчдад үйлчлэхийг шаардах;

8.      Номын сангийн үйл ажиллагааны талаар өөрийн санал хүсэлтээ илэрхийлэх;

Номын сангийн уншигч нь дор дурдсан үүрэгтэй.

1.      Номын санд уншигчаар бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, оюутны үнэмлэх, 1 хувь зураг авчирч уншигчийн үнэмлэх нээлгэнэ.

2.      Уншигч номын сангийн дотоод дүрэм журмыг дагаж мөрдөх;

3.      Номын сангаас авсан номоо цаг тухайд нь эргүүлж тушаах;

4.      Уншигч нь өөрийн хэрэгцээтэй ном, сурах бичиг, материалыг захиалахдаа электрон ба цаасан каталогоос хайлт хийх;

5.      Бусдад саад болохгүйгээр үйлчлүүлэх;

6.      Уншигч нь номын сангаас авсан ном, сурах бичиг хэвлэлийн бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг хариуцах;

7.      Уншигч нь ном, хэвлэлийн хуудсан дээр тэмдэглэх, нугалах, урж таслах, зураг зурахгүй байх;

8.      Уншигч нь ном үрэгдүүлж гээгдүүлсэн тохиолдолд “Алдагдсан буюу гэмтээгдсэн  ном, хэвлэлийг төлүүлэх зохих журам“-ын дагуу  номын санг хохиролгүй болгох;

9.      Номын санчийн тавьсан шаардлагыг биелүүлэх;

10.   Сургууль төгсөх болон сургуулиас гарах, улирлын шалгалт дуусахад номын сантай тойрох хуудсаар тооцоо хийж дуусгах;

Зургаа. Номын сангийн тооллого, тооцоо

1.      Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 441 дүгээр тушаалын дагуу фондын номыг тоолох;

2.      Тооллогын комиссийг сургуулийн захирлын тушаалаар томилох;

3.      Тооллогын комисс нь номын сангийн фондыг тоолж тооллого хийсэн тухай тайланг сургуулийн захиргаанд тайлагнах;

4.      Үрэгдүүлж гээгдүүлсэн номыг БСШУ-ны сайдын 2007 оны “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх” тухай 415 дугаар тушаалын дагуу  номын санг хохиролгүй болгох;

5.      Номын санд мөрдөж буй хууль, дүрэм, журмын дагуу он болон утга, агуулга, эдэлгээний улмаас хуучирсан ном хэвлэлийг акталж, фондын эргэлтийг сайжруулах;

                      СУРГАЛТ ҮЙЛЧИЛГЭЭ, ЧАНАРЫН БАТАЛГААЖИЛТЫН АЛБА                       

НОМЫН САН, ХЭВЛЭЛ-МЭДЭЭЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ