Суралцагчийн дүрэм





Захирлын 2023 оны 10 дугаар сарын 10-ны 

өдрийн А/46 дугаар тушаалын хавсралт

 

ШИНЭ ИРГЭНШИЛ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН 

СУРАЛЦАГЧИЙН ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Боловсролын ерөнхий хууль, Мэргэжлийн болон Техникийн боловсрол, Сургалтын тухай хууль, Шинэ Иргэншил ПК-ийн дүрэм болон бусад холбогдох дүрэм журмыг үндэслэн суралцагчийн сурч боловсрох, мэргэжил эзэмших, авьяас чадвараа хөгжүүлэх, нийгэмшихтэй холбогдсон харилцааг

зохицуулна.

  1. Шинэ иргэншлийн бүх суралцагчид нь сургалт-үйлдвэрлэл, хөгжил-хүмүүжлийн ажил болон нийгмийн орчинд ажил, амьдралаа зохицуулах явцдаа энэхүү дүрмийг мөрдлөг болгоно.
  2. Шинэ иргэншил Политехник коллежийн суралцагчдад тавих шаардлага ижил бөгөөд дараах зорилгыг агуулна.
  • Дүрэм нь суралцагчийн зүгээс сургалт-үйлдвэрлэлийн ажилд хариуцлагатай хандах хөшүүрэг болно;
  • Мэдлэгийг хэрэглэх, бүтээх ур чадварын боловсрол олгоход чиглэсэн суралцахуйн орчныг сурагч өөрөө бий болгоход дэмжлэг үзүүлэх;
  • Харилцаа, хандлага, зөв төлөвшлийн соёлд суралцахыг дэмжих;
  • Мэдээллийн технологи болоод англи хэлний боловсрол нь заавал эзэмших чадамж хэмээн үзэж, түүнийг түлхүү сурах боломжоор хангах;
  • Суралцах ёстой агуулгаа суралцахуйн ямарч хэлбэрийг ашигласнаас үл хамаарч үнэлүүлж дүгнүүлэх бололцоогоор хангах;

Хоёр. Суралцагчийн эрх, үүрэг

Суралцагч нь Монгол улсын Үндсэн хууль болон Боловсролын ерөнхий хууль, Мэргэжлийн болон Техникийн боловсрол, Сургалтын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан иргэний харилцаатай холбогдсон эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.

А. Суралцагчийн эрх

  1. Суралцагч нь сургуулийн Удирдах зөвлөлд сонгогдох болон өөрсдийн асуудлаар Захиргааны зөвлөл, багш нарын хуралд оролцож санал бодлоо илэрхийлж, эрх ашгаа хамгаалах;
  2. Суралцагч нь коллежийн сургалтын зориулалттай эд хөрөнгө, материал, түүхий эд, ном сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг зориулалтаар нь ашиглах;
  3. Cуралцагч нь коллежийн дүрэмд заасны дагуу мэргэшүүлэх сургалтын зардлын хөнгөлөлт эдлэх, улсаас тогтоосон жишгээр тэтгэлэг авах;
  4. Суралцагч нь багш, удирдах ажилтны ёс зүйн асуудлаар санал, шүүмжлэл гаргаж шийдвэрлүүлэх;
  5. Суралцагч нь мэдлэг, чадвараа дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, эрүүл мэнд, нийгмийн асуудлаа шийдвэрлэх талаар дэмжлэг авах;
  6. Суралцагч нь бие дааж сургалтын агуулгыг судалсан мэдлэг, чадвар, хандлагаа үнэлүүлж тооцуулах;
  7. Хосмог болон ажлын байран дахь сургалтад суралцагч Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлын цагаас хэтрүүлэн ажиллахгүй байх;
  8. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл хангагдсан байгаль орчинд ээлтэй, жендерийн мэдрэмжтэй, хүртээмжтэй орчинд суралцах;

Б. Суралцагчийн үүрэг

  1. Суралцагч нь Боловсролын ерөнхий хууль, Мэргэжлийн болон Техникийн боловсрол, сургалтын тухай хууль болон коллежийн дотоод журам, бусад дүрэм журамд суралцагчийн талаар заасан үүргийг биелүүлнэ;
  2. Батлагдсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт заагдсан агуулгыг тогтоосон хугацаанд судлах, үнэлгээ хийлгэж сургалтын үр дүнг тогтоосон хугацаанд тооцуулах;
  3. Суралцагч нь сургалт-үйлдвэрлэлийн бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, сургалтын агуулгыг бүрэн эзэмшихийн төлөө шамдан суралцах;
  4. Суралцагч нь танхимын сургалт, цахим сургалт, бие даан суралцах сургалтын гурван үндсэн хэлбэрийг идэвхтэй ажиглаж сурах;
  5. Сургалт-үйлдвэрлэлийн явцад баримтлах дэг журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг мөрдөж ажиллах;
  6. Сургуулиас зохиогдож буй болон олон нийтийн ажил, уралдаан тэмцээн, нийгмийн ажилд идэвхтэй оролцох;
  7. Суралцагч нь багш, ажилтны тавьсан зарчимч шаардлагыг биелүүлэх, найз нөхдөө хүндэтгэж соёлч боловсон харьцах;
  8. Коллежийн эд хөрөнгө, сургалтын тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг зориулалтаар нь хайр гамтай эдэлж хэрэглэх, өөрийн ашиглалтын буруугаас учирсан хохирлыг барагдуулах;
  9. Мэргэшүүлэх сургалтын зардлыг коллежоос тогтоосон хэмжээ, хугацаанд барагдуулах;
  10. Мэргэжлийн онцлогоос шалтгаалан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах.

Гурав. Сургуулийн очинд баримтлах дэг

А. Сургалт-үйлдвэрлэлийн ажилд оролцох явцад мөрдөх дэг

  1. Сургуулийн дотоод журам, Суралцагчдын ёс зүйн дүрэм болон бусад холбогдох дүрэм журмыг мөрдөнө. 
  2. Суралцагчид хичээлийн хонх дуугарахаас 5 минутын өмнө тухайн хичээлийн бэлтгэлийг бүрэн хангаж ангидаа орж суудлаа эзэлсэн байна. 
  3. Хичээлийн дундуур ангиас гарах тохиолдолд хичээлийн багшаас зөвшөөрөл авна.
  4. Анги танхимд гадуур хувцастай орох, хичээлийн дундуур бусдын анхаарлыг татах үйлдэл хийх, үг хэллэг хэрэглэхийг хориглоно.
  5. Хичээлийн цагаас шалтгаангүй хоцрох, таслах зөрчил гаргахгүй бөгөөд зайлшгүй шалтгаан гарвал дараах байдлаар чөлөөг авна. Үүнд: 
    1. 2 цагийн чөлөөг хичээл зааж байгаа багш нь АУБ-тай нийлж чөлөөний хуудсаар;
    2. 1 өдрийн чөлөөг АУБ-ийн чөлөөний хуудсаар; 
    3. 2-5 хоногийн чөлөөг СУЧБА-д өргөдөл бичээд СҮЧБА-ийн даргын цохолтоор; 
    4. 5-аас дээш хоногийг чөлөөг захирлын тушаалаар тус тус олгоно.
  6. Үйлдвэрлэлийн сургалт, дадлага ажлын сургалтад ХАБЭА-н шаардлага хангасан хувцас, хэрэгсэл хэрэглэнэ.
  7. Сургалтын үед гар утас, таблет, компьютер зэргийг ашиглаж, хичээлийн бус зүйл хийхийг хориглоно. 
  8. Сургуулийн гадаад, дотоод орчин, нийтийн эзэмшлийн байр талбай сургуулийн эд хөрөнгийг хайрлан хамгаална.
  9. Сургалтын тоног төхөөрөмж, эд хөрөнгийг эвдэж хэмхлэхийг хатуу хориглоно.
  10. Сургуулийн орчинд хуулиар хориглосон тэсэрч дэлбэрэх зүйл, согтууруулах ундаа, бүх төрлийн тамхи, мансууруулах төрлийн бодис авчрах, хэрэглэхийг хатуу хориглоно.

Дөрөв. Суралцагчийн дүрэм зөрчигчдийн хүлээх хариуцлага

  1. Энэхүү дүрмийн 3.9 зөрчиж хохирол учруулсан бол тухай хохирлыг бүрэн барагдуулна. 
  2. Суралцагчдын дүрмийг зөрчсөн тохиолдолд үйлдлийн хэр хэмжээ, дахин давталт, үзүүлэх хор холбогдол, үр дагаврын байдлыг харгалзан дараах арга хэмжээ авна. Үүнд:
  • Ангийн багш, суралцагчдын хэмжээнд ярилцаж сануулах;
  • Хичээл заадаг багш нарын хэмжээнд ярилцаж, авах арга хэмжээг тогтоож, коллежийн захиргаанд танилцуулж шийдвэр гаргуулах;
  • Коллежийн захиргаа, Сургалтын үйлчилгээ, чанарын баталгаажилтын албаны хамтарсан хурлаар хэлэлцэж сургалтын гэрээг цуцалж сургуулиас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна.

 

 

Коллежийн захиргаа,

СҮЧБ-ын алба