Багшийн ес зүйн дүрэм





Захирлын 2023 оны 10 дугаар сарын 25- ны

Өдрийн А/54 тоот тушаалын нэгдүгээр хавсралт 

 

ШИНЭ ИРГЭНШИЛ ПК-ИЙН БАГШ, АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Ажил олгогчдын эрэлт, суралцагчдын сонирхол нийгмийн захиалгат нийцсэн чадварлаг, төлөвшсөн мэргэжилтнийг бэлтгэх нэг үндэс нь зөв харилцаа хандлагатай, ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиж, нэр төрийг эрхэмлэдэг, сурагчдыг сургах, хүмүүжүүлэх, хөгжүүлэх талаар хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарладаг багш, ажилтан нар гэж үзнэ. 
  2. Шинэ иргэншил ПК-ийн багш ажилтны ёс зүйн дүрэм нь Монгол улсын Үндсэн хууль, Боловсролын ерөнхий хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулиар тогтоосон багшийн эрх, үүрэг түүнчлэн хүүхдийн талаар мөрдөж байгаа олон улсын гэрээ хэлцэл, конвенцуудад заагдсан мэргэжил, боловсрол эзэмшүүлэхтэй холбогдсон заалтуудад үндэслэнэ.
  3. Шинэ иргэншил ПК-д ажиллаж байгаа бүх багш, ажилтан болон цагийн багш нар энэхүү багшийн ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно

Хоёр. Багш, ажилтны ёс зүйн дүрмийн зорилго

2.1. Энэхүү дүрмийн зорилго  нь Шинэ иргэншил ПК-ийн багш, ажилтан болон коллежоор  үйлчлүүлж байгаа суралцагч, тэдний эцэг эх, ажил олгогчдын хооронд зүй зохистой харилцаа бий болгохын хамт багш, ажилтныг  ёс зүйн элдэв зөрчил гаргахаас сэргийлж, тэдний нэр төрийг хамгаалахад чиглэгдэнэ. 

2.2. Багш, ажилтны харилцаа, хандлага, ёс зүйн төлөвшил, хөгжлөөс хамаарч суралцагчдын МБС-ын байгууллагад итгэх итгэл суларч, ажил мэргэжлийг хүндэтгэх үзэл буурдгийг бодолцож энэ дүрмийг чанд  баримтлах нь Шинэ иргэншил ПК-ийн багш, ажилтны үндсэн үүрэг болно.

Гурав. Багш, ажилтны зүгээс хэрэгжүүлэх, сахих ёс зүйн хэм хэмжээ

3.1. Багш, ажилтан нь Боловсролын ерөнхий хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуульд заасан эрх, үүргээ биелүүлж суралцагчдад мэргэжлийн болон техникийн боловсрол, өндөр ур чадвар эзэмшүүлэххүрээнд: 

  1. Суралцагчдын нийгмийн гарал, соёлын ялгаатай байдал, эцэг эхийн амьжиргаа, боловсролын түвшин харгалзахгүйгээр тэдэнд эрх тэгш сургалтын үйлчилгээ үзүүлнэ.
  2. Суралцагчдын сурах болон бие даах чадвар, ахуй соёлын байдал, гадаад өнгө үзэмжээр нь ялгаварлахгүй сургалтад тэгш оролцуулна. 
  3. Багшаас хичээлийн болон хичээлийн бус үед суралцагчдад тавих шаардлага нь тэдний бие бялдар, оюун ухаан, хөгжлийн онцлог, бодит байдалд нийцсэн агуулга, өнгө аястай байна. 
  4. Суралцагчдын хувийн нууцыг чанд хадгалахын хамт тэдний нэр төр, үзэл бодлыг хүндэтгэж, хэл амаар доромжлохгүй, бие махбодын шийтгэл үзүүлэхгүй байх; 
  5. Багшийн нэр хүндийг ямагт дээдлэн, биеэ зөв авч явах, хэл ярианы доголдол гаргахгүй, хэлсэн үгнийхээ хариуцлага хүлээдэг соёлоор сурагчдаа үлгэрлэдэг байх;
  6. Ном сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн тулгаж борлуулах, хуульд заагаагүй сургуулиас дэмжээгүй төлбөр хураамж авах, хандив өгүүлэх, сургалтын материал, түүхий эд авч ирэхийг шаардах, зөвшөөрөлгүй төлбөртэй сургалт явуулах давтлага хийхгүй байх; 
  7. Суралцагчдын эрүүл мэндийг сахин хамгаалах, тэднийг бэлгийн дарамт хүчирхийллээс ангид байлгах, гэр бүл, найз нөхөд, нийгмийн орчны сөрөг нөлөөнд автуулахгүй байхад анхаарал тавьж ажиллах;
  8. Багш нь сургуулийн орчинд архи, тамхи хэрэглэх, сургалт үйлдвэрлэлийн ажлыг шалтгаангүй таслах, хоцрох, түүний чанар байдлыг сайжруулахад идэвхгүй хандах зэрэг аливаа зөрчил, дутагдалгүй ажиллана. 
  9. Суралцагчдыг сургуулийн болон сургалт үйлдвэрлэл, найз нөхдийнх нь орчинд дасгах, тэдэнд хөгжил, төлөвшил, хандлага, харилцааны бүх талын дэмжлэг үзүүлэх замаар сургуулиас хүндэтгэх шалтгаангүйгээр завсардуулахгүй байх;

3.2  Суралцагчдыг хүндэтгэх, дэмжих, урамшуулах, үзэл бодлыг нь хамгаалах талаар багшийн баримтлах ёс зүйн хэм хэмжээ:                         

3.2.1 Багшийн хийх үйлдэл, хэлэх үг, үзэл хандлага зөв байх нь суралцагчдад эерэг харилцаа, хандлага, төлөвшлийг бий болгоно гэдгийг ямагт анхаарч байх;

3.2.2 Суралцагчдын гаргаж байгаа алдаа, дутагдлын үнэн мөнийг олохыг эрмэлзэж, түүнд ууч сэтгэлээр ханддаг байх нь сурагчийн дахин алдаа гаргахаас сэргийлэх чухал хүчин зүйл гэдгийг санаж байх;

3.3.3 Багш нь суралцагчийн эрхийг зөрчихгүй, үзэл бодол, хүсэл, сонирхолд ямагт хүндэтгэлтэй ханддаг байх; 

3.3.4 Багш нь суралцагчдын асран хамгаалагч, дотно туслагч, зөвлөгч, хамтран ажиллагч гэдэг байр сууринаас сурагчдад ханддаг байх;

 3.3 Хичээлийн үед багшийн баримтлах ёс зүй хэм хэмжээ:

3.3.1 Хичээл бол хатуу тогтоосон дэг журмын газар биш харин сурагчийн авьяас чадвараа нээх, бие хүний чөлөөт байдлыг өөртөө шингээх хөгжил, төлөвшлийн газар байх ёстой гэсэн ойлголтоор хичээл, сургалтын ажлыг зохион байгуулах;

3.3.2 Багш нь зааж байгаа хичээлээ хүүхэд бүр өөр өөрийн хүсэл сонирхол, ялгаатай байдал, боломжоороо хүлээж авах эрхтэй гэж ойлгож сурагчдад хандах;

3.3.3 Багш нь хичээлийн үед сурагчдад ямар нэг ялгаварлалгүйгээр эрх тэгш хандахын хамт нэгийг нь нөгөөтэй нь харьцуулах, ил тод, шударга бус үнэлэх, дүгнэхээс аль болох зайлсхийх;

3.3.4 Хичээл дээр сурагчдыг найз нөхдийнх нь дэргэд зэмлэх, буруушаах, доромж үг хэрэглэхээс багш ямагт болгоомжилж байх; 

3.4  Коллежийн түншлэгчид, суралцагчдын эцэг эх, асран хамгаалагч нартай ажиллахад багш нарын баримтлах ёс зүйн хэм хэмжээ:

3.4.1  Коллежтой хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага бусад түншлэгч нар, ажил олгогчдод сургалтын төвийн мэдээллийг үнэн зөв бодитой хүргэж байх;

  1. Ажил олгогчид , нийгмийн бусад түншлэгч нарын зүгээс коллежийн сургалтын чанар байдал суралцагчдын хөгжил төлөвшилтэй холбогдуулж тавьсан санал, хүсэлт, зөвлөмжид хүндэтгэлтэй анхааралтай хандаж биелүүлдэг байх;
  2. Суралцагчдын эцэг эх, асран хамгаалагчдыг боловсрол, нас, хүйс, ажил амьжиргааны байдлаар ялгаварлахгүй, тэдэнд адил тэгш хандаж хамтран ажиллах;
  3. Суралцагчдын сурах чадварыг дэмжих, зөв хөгжил төлөвшилтэй болгоход тэдний эцэг эхэд арга зүйн туслалцаа үзүүлж, байнгын холбоотой ажилладаг байх;
  4. Суралцагчдын эцэг эхийн зүгээс сургалт-үйлдвэрлэлийн үйлчилгээ, хүүхдэд чиглэсэн бусад асуудлаар тавьсан санал хүсэлтийг тухай бүр хүлээн авч шийдвэрлэх, мөн энэ асуудлаар эцэг эхэд зөв шаардлага тавих; 
  5. Багшлах, ажиллах үүргээ хэрэгжүүлсний төлөө эцэг эхээс шан харамж авах, элсэлт төгсөлтийн үеэр үнэтэй бэлэг сэлт өгүүлэхээс эрс татгалзах; 
    1. ПК-д бүтээлч, нөхөрсөг, зөв хандлага, төлөвшил, хамтын ажиллагаа бүхий орчин бүрдүүлэх, төлөвшүүлэх хүрээнд: 

      3.5.1 Хамт олны нас хүйс, ажил албан тушаал, мэдлэг, туршлагаар нь ялгаварлахгүй адил тэгш харилцаж, хамтран ажиллана.

       3.5.2 Багш мэргэжлийн нэр хүнд, байгууллагын нэр хүнд, үнэ цэнийг хадгалахын хамт, хамтран ажиллагсдынхаа эрүүл мэнд, сэтгэл санаа, хувийн өмчид хохирол учруулахгүй байх;

3.5.3 Сургалт-үйлдвэрлэлийн ажил суралцагчид эцэг эхтэй хамтран ажиллах арга туршлагаа хуваалцаж, хувийн болон байгууллагын эрх ашгийг зөв хослуулж, хамт олны эв нэгдлийг эрхэмлэнэ. 

3.5.4 Байгууллагын дотоод дүрэм, журмыг мөрдөж, хамтран гаргасан шийдвэрээ биелүүлж, хөдөлмөрийн сахилгыг баримтлахыг багш ажилтан бүр өөрийн үндсэн үүрэг гэж үзнэ. 

3.5.5 Багш ажилтан бүр хариуцсан ажил үүрэгтээ эзний ёсоор хандаж мэргэжил, ур чадвараа дээшлүүлэхэд идэвх санаачилга гаргаж ажиллана.

3.5.6 Удирдлага, хамт олны зүгээс нийтийн эрх ашгийг хөндсөн эрсдэлтэй шийдвэр гаргахаас сэргийлж зөв санал, санаачилга, шүүмжлэлийг өрнүүлж ажиллана. 

3.6 ПК-ийн эрхэм зорилго зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:

3.6.1 Багш, ажилтан нь Мэргэжлийн болон техникийн боловсролын талаарх хууль, дүрэм, журмыг судлан сургалт-үйлдвэрлэл, сургалт-хүмүүжлийн ажилдаа мөрдлөг болгож ажиллана.

3.6.2 Багш ажилтан нь үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн үзэл бодол, улс төрийн байр сууриа хамтран ажиллагч багш, ажилтан суралцагчид, эцэг эхэд тулган хүлээлгэх, бусдыг хууль дүрэм, журмын бус үйл ажиллагаанд уриалахыг хориглоно.

3.6.3 Багш ажилтан нь санал бодлоо илэрхийлэх, бүтээгдэхүүн ажил, үйлчилгээ багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн сонгоход оролцохдоо мэргэжлийн боловсролын чанар, сурагчдын эрх ашиг, сургуулийн боломжийг урьтал болгоно.

Дөрөв. Багш, ажилтны ёс зүйн дүрмийн хэрэгжилт, түүнд хяналт тавих ажил, дүрэм зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

4.1 Багш ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн багш, ажилтанд холбогдох хууль, сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, болон бусад дүрэм журмаар зохицуулсны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Энэ талаарх заалтыг байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын ёс зүйн хорооны дүрэмд тусгана. 

4.2 Шинэ иргэншил ПК-ийн дэргэд ажиллах ёс зүйн хорооноос хэрэгжүүлж буй ажил, авч байгаа арга хэмжээ нь Шинэ иргэншил ПК-ийн багш, ажилтанд нэг адил хамаарагдана. 

4.3 Багш, ажилтны ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих, дүрмийн зөрчил гаргасан багш ажилтны асуудлыг хэлэлцэх, хүлээлгэх хариуцлагын хэм хэмжээ нь сургуулийн ёс зүйн хорооны дүрмээр зохицуулагдана. 

 

 

Боловсруулсан: Шинэ иргэншил ПК-ийн захиргаа, СҮЧБ-ын алба

Шинэ иргэншил ПК-ийн багш нарын хурлаар хэлэлцэж дэмжив